Байгууллагын товч түүх

          Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 430 дугаар тогтоолоор Мөнгөнморьтын модны үйлдвэрийг тухайн үеийн Барилгын яамны харьяалалаас гарган, 1967 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үндсэн хөрөнгө, тоноглол төхөөрөмжийн хамт Засан хүмүүжүүлэх байгууллагуудын удирдах газрын мэдэлд шилжүүлж, Мөнгөнморьтын модны үйлдвэрийг гэрийн мод, гэр ахуйн хэрэглэл үйлдвэрлэх чиглэлтэй болгож, Нийгмийг Аюулаас Хамгаалах яаманд даалгаснаар тус анги үүсэн байгуулагдах эх суурь тавигдсан.

          НАХЯ-ны сайдын 1967 оны 03 дугаар сарын 29-ны 127 тоот тушаалаар Налайх дахь нүүрс бэлтгэлийн захиргааг татан буулгаж, Мөнгөнморьтод мод бэлтгэлийн колони болгон үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн зохион байгуулж байсан. Тус ангийн анхны даргаар дэд хурандаа Л.Өлзий, Улс төрийн орлогчоор хошууч Б.Жамъяан, Үйлдвэр эрхэлсэн орлогчоор Н.Равдандорж, Ахлах нягтлан бодогчоор ахлах дэслэгч О.Мижид, Ахлах төлөөлөгчөөр ахлах дэслэгч П.Жандал, Хүний тоо бүртгэлийн байцаагчаар ахлах дэслэгч Б.Бэгзсүрэн, Уулын хэсгийн даргаар дэслэгч Д.Гэрэл нар томилогдон ажиллаж байжээ.

          Энэ үеээс удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүү, материал техник хангамжийн хувьд бэхжин, үйлдвэрийн цар хүрээ нь өргөжин тэлсэн бөгөөд мод бэлтгэх ажлыг шуурхай гүйцэтгэж улсын төлөвлөгөөг биелүүлэхэд модны ойрын нөөц багасаж, даваа нугачаа ихтэй газраас мод бэлтгэх болсон тул зам ангийг үүсгэн байгуулж зам засах, жижиг голуудад модон гүүр барих зэрэг ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэсний хүчээр мод бэлтгэл, зүсмэлийн чанараараа улсдаа тэргүүлэн “Алтан медаль” хүртэж байсан бахархам түүхтэй анги билээ.

Back to top button